Сайншанд салхин парк төслийг хэрэгжүүлэхээр Энжи болон Ферростаал компаниуд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

Сайншанд салхин парк төслийг хэрэгжүүлэхээр эрчим хүчний салбарт тэргүүлэгч Энжи болон аж үйлдвэрийн салбарт төсөл хэрэгжүүлэгч Ферростаал компаниуд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.

Уг төслийн судалгааны ажил 2006 оноос эхэлж, бүрэн хийгджээ. Төсөл хэрэгжсэнээр Монгол улсад 100 гаран сая ам. долларын шууд хөрөнгө оруулалт орж ирэхийн сацуу ногоон эдийн засаг, хүрээлэн буй орчны тогтвортой хөгжлийг дэмжих засгийн газрын бодлоготой ч уялдаж байгаа билээ.

Төслийн үр дүнд 55 МВт суурьлагдсан хүчин чадал бүхий салхин парк баригдах бөгөөд энэ нь 100 мянган өрхийн цахилгааны хэрэглээг хангахуйц байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НУБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг УИХ-ын чуулганаас соёрхон баталж 11 сарын 04-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа билээ. Дээрхи хэлэлцээрийн дагуу манай улс 2030 он гэхэд хүлэмжийн хийг 14 хувиар бууруулах зорилт тавьсан. Сайншанд салхин парк ашиглалтанд орсноор жилд 200 гаруй мянган тонн нүүрс төрөгчийн хий агаар мандалд ялгарахаас сэргийлж байгаа нь тус зорилттой нийцэж байна.

Төслийн хамтран хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгчээр Энжитэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Бидний төсөл хөгжүүлэлт, мөн барилга угсралтын ажлын туршлага Энжи компанийн сэргээгдэх эрчим хүчний салбар дахь туршлагатай хослон улам цогц болж байна. Энэхүү хамтын ажиллагаагаар бид мэдлэг, туршлага дээрээ тулгуулан Монгол улсын тогтвортой хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулах болно” гэж Ферростаал Монголиа компанийн ерөнхийлөгч Оливер Шнорр хэллээ. “Монгол улс нь дотоод, гадаадын хөрөнгө оруулалтанд нээлттэй ханддагыг энэхүү төсөл харуулж байна” гэж тэрээр нэмж хэлсэн байна.

“Монгол орны эрчим хүчний систем шинэ эх үүсвэрийг ашиглаж эхэлж байна. Бид эрчим хүчний үйлдвэрлэлийн дэд бүтцийг тогтвортой эх үүсвэрээр өргөжүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Сайншанд салхин парк төслийг хамтран хэрэгжүүлэх болсон нь энэ чиглэлд хийгдэж байгаа томоохон алхам юм. Сэргээгдэх эрчим хүчний салбар маш хурдацтай шинэчлэгдэж байна. Орчин үеийн инноваци, шинжлэх ухааны ололтуудын ачаар салхины болон нарны эрчим хүчний төслүүд нь байгаль орчинд ээлтэй төдийгүй эдийн засгийн хувьд ч тогтвортой болж байна” гэж Энжи Монголиа компанийн гүйцэтгэх захирал Бөнуа Рибесс хэлжээ.

Сайншанд салхин парк нь Улаанбаатар хотоос зүүн урагш 460 км-д байрших Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо байрших ба цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, ажлын байр шинээр бий болгон, үндэсний болон орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.

Төслийн барилга угсралтын ажил 2017 онд эхлэн, улсын комисст 2018 оны 2 дугаар хагаст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

[envira-gallery id=”3108″]