Хэвлэлийн мэдээ “Сайншанд” салхин парк төслийн нээлтээ хийлээ

Монгол улсын төрөөс баримталж буй бодлогын хүрээнд 2023 он гэхэд үндэсний эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн зорилтыг  тавиад байгаа билээ. Энэ зорилттой нийцсэн Монгол улсын гурав дахь салхин станц Дорноговь аймагт баригдах “Сайншанд” салхин паркийн төслийн нээлт өнөөдөр боллоо. Улаанбаатар хотоос 460 км алслагдмал Дорноговь аймагт барьж босгох  Сайншанд салхин паркын төслийн нээлтийн арга хэмжээнд Монгол улсын Засгийн газрын төлөөлөл, Франц, Герман хоёр улсын Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдууд, төслийг хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгч гадаадын томоохон байгууллагын төлөөлөгч, өөрийн орны холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Монгол улсад гурав дахь нь болж буй уг салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэгч “Сайншанд Салхин Парк” ХХК-д Францын эрчим хүчний салбарын тэргүүлэгч болох ЭНЖИ, Германы төсөл хөгжүүлэгч Ферростаал, Данийн Уур Амьсгалын Хөрөнгө Оруулалтын Сан (DCIF) болон үүсгэн байгуулагч Р. Давааням нар хөрөнгө оруулж, Европын Хөрөнгө Оруулалтын Банк (EIB), Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк(EBRD) болон Данийн Экспорт Хөгжлийн Агентлаг (EKF)  хамтран санхүүжилтийг хийж, 2018 оны 4 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Уг төслийн салхины нөөцийг 20м, 40м, 60м болон 80м-ийн өндөрийн  төвшинд хэмжилт хийж салхины дундаж хурд 7,7 м/сек байна гэж тогтоосон нь төслийн байршил салхиар эрчим хүч үйлдвэрлэх арвин нөөцтэйг батлан харуулсан судалгааны дүн гарчээ. Уг салхин цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгчээр Чайна Машинери Инженеринг Корпорейшин (CMEC) ажиллах бөгөөд Салхин паркийг барьж байгуулах 486 гаруй га газар нь дэд бүтэц өндөр хөгжсөн Сайншанд хотоос 5 км, Замын-Үүд боомтоос 250 км-т оршдог нь зам тээвэр болон дэд бүтцийн зардлыг ихээхэн хэмнэж буй онцлог давуу талтай. Тус төсөл хэрэгжсэнээр Монгол улсад 120 сая ам. долларын шууд хөрөнгө оруулалт орж ирэхийн сацуу ногоон эдийн засаг, хүрээлэн буй орчны тогтвортой хөгжлийг бодит дэмжлэг болно хэмээн үзэж байна.

Хамгийн товчоор дүгнэхэд, бүс нутгийн уур амьсгалын нөхцөл болон эрчим хүчний үйлдвэрлэлд хамгийн тохиромжтойгоор нь Дани улсын “Вестас” компанийн V110 маркийн 2.2 МВт хүчин чадалтай 25 ширхэг турбин суурилуулж, 55 МВт-ын суурьлагдсан хүчин чадалтай эрчим хүчний үйлдвэрлэлийг бий болгож, төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд холбосноор жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгаан хэрэглээг хангана. Ингэснээр цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс жил бүр  байгаль орчныг бохирдуулах  200 мян.тн нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах, 1,2 сая.м3 цэвэр ус, 50000 тонн нүүрсний хэрэглээг хэмнэх тооцоолол гарч ирж байгаа юм.

Энэ нь манай улсын байгал орчин, эдийн засагт ихээхэн хэмжээний эерэг өөрчлөлт ахиц дэвшлийг авч ирнэ хэмээн төслийн хамтрагч талууд болон нээлтэнд оролцогч мэргэжлийн хүмүүс дүгнэж байлаа. Ийнхүү Монгол улсад гурав дахь говийн бүсэд хоёр дахь нь болох Сайншанд салхин парк төсөл нээлтээ хийж бүтээн байгуулалтын гараагаа эхэллээ.

[envira-gallery id="3130"]