Сайншандын салхин парк жилд 210 сая кВт/ц эрчим хүч төвийн бүс рүү нийлүүлнэ

Оливер Шнорр: Сайншандын салхин парк жилд 210 сая кВт/ц эрчим хүч төвийн бүс рүү нийлүүлнэ
Сайншанд Салхин Парк ХХК-ийн ТУЗ-ын гишүүн Оливер Шнорртой ярилцлаа.
-Дорноговь аймгийн Сайншанд салхин цахилгаан станцын төсөл манайдаа томоохонд тооцогдох төслүүдийн нэг. Уг төсөл хэдийнээс эхлэв?
-Арван жилийн турш үргэлжилсэн төслийн төлөвлөлт, хэлэлцээрийн үе шат өнгөрч, Сайншандын салхин цахилгаан станцын барилгын шав тавихад бэлэн болоод байна. Уг станц ашиглалтад орсноор дотоодын эрчим хүчний сүлжээнд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хувийг нэмэгдүүлж, ялангуяа Улаанбаатар-Дорноговь чиглэлийн эрчим хүчний хангамжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулах болно. Сайншанд салхин парк төслийг хамтран хэрэгжүүлэх болсон нь энэ чиглэлд хийгдэж байгаа томоохон алхам юм. Сэргээгдэх эрчим хүчний салбар маш хурдацтай шинэчлэгдэж байна. Орчин үеийн инноваци, шинжлэх ухааны ололтуудын ачаар салхины болон нарны эрчим хүчний төслүүд нь байгаль орчинд ээлтэй төдийгүй эдийн засгийн хувьд ч тогтвортой болно гэж үзэж байгаа.
-Төслийн судалгааны сонирхолтой баримтаас дурьдаач?
-Төслийн салхины нөөцийн судалгааг 2006 оноос хийсэн. 2013 онд олон улсад танигдсан байгууллагаар 80м өндөр хэмжилтийн багажийг суурилуулан 20м, 40м, 60м болон 80м төвшинд хэмжилтийг хийсэн. Судалгаагаар салхины дундаж хурд 7,7 м/сек байна гэж тогтоосон нь Сайншандын салхин парк барих байршилд салхины арвин нөөцтэйг баталсан юм. Сайншанд салхин парк төсөл нь Дани улсын дэлхийд тэргүүлэгч Вестас компанийн 25 ширхэг салхин турбиныг суурилуулна. Энэ нь тус төслийг дэлхийн жишигт нийцсэн салхин парк болохыг илтгэж байна гэж хэлж болно.
-Төслийн нийт хөрөнгө оруулалт болоод гол хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компаниар ямар компани ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-“Сайншанд Салхин Парк” ХХК нь дээрх гол хөрөнгө оруулагчаар Францын эрчим хүчний салбарын тэргүүлэгч болох “ENGIE”, Германы төсөл хөгжүүлэгч “Ferrostaal”, Данийн Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сан (DCIF) болон үүсгэн байгуулагч Р.Даваанямын дэмжлэгтэйгээр Европын хөрөнгө оруулалтын банк (EIB) болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD) байгаа юм. Төслийн түншүүд болох “ENGIE” болон “Ferrostaal” нь уг төслийн үндэс суурийг тавихад чухал хувь нэмэр оруулсан бөгөөд Монголын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон Дорноговь аймгийн удирдлагууд төсөл дээр хамтран ажиллаж байна. Ерөнхий гүйцэтгэгчээр “Чайна машинери инженеринг корпорейшин” (CMEC) ажиллаж байгаа.
-Уг төслийн хүрээнд Монголын сэргээгдэх эрчим хүчний, суурилагдсан хүчин чадлыг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд тус тус хүргэнэ гэсэн Засгийн газрын зорилтод хүрэх үү?
-Энэ бол маш чухал асуулт байна. Засгийн газраас гаргаж буй зорилтоор бол 2020 он гэхэд Монголын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 20 хувиас давуулж, 25 хувьд хүргэнэ гэж үзэж байгаа. Тэгэхээр бүр давуулан биелүүлэх боломж бий гэж харж болно. Түүнчлэн 2030 онд 30 хувьд хүрч чадна гэдгийг хэлмээр байна.
-Яг одоо төслийн явц аль шатандаа явж байна. 2018 оны хоёрдугаар хагаст бүрэн дуусгаж хүлээлгэн өгнө гэсэн. Энэ хугацаандаа бүрэн хүлээлгэж өгөх боломжтой гэж та үзэж байна уу?
-Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 460 км-т орших тус салхин цахилгаан станц 25 Вэстас V110 2.2 MBт турбин суурилуулах юм. Яг одоо бол барилга угсралтын ажил явагдаж байгаа. Барилга угсралтын ажлыг 2018 оны хоёрдугаарт хагаст бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төслийн үр дүнд 55 МВт суурилагдсан хүчин чадал бүхий салхин парк баригдах юм. Үүнээс 52 МВт хүчин чадлыг төвийн эрчим хүчний системд нийлүүлэх бөгөөд үлдсэн 3 МВт-ыг нөөц хүчин чадалд нөөцлөх юм. Сайншандын салхин цахилгаан станц нь дэлхийн хэмжээний технологи ашиглах төдийгүй салхин эрчим хүчийг эрс тэс уур амьсгал бүхий алслагдсан бүс нутагт амжилттай ашиглаж болохыг харуулах болно.
-Томоохон төсөл хэрэгжүүлэхэд улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад эерэг, сөрөг байдал мэдрэгдэв үү?
-Улс төрийн нөхцөл байдлаас хамааралтайгаар Монгол улсад гадны хөрөнгө оруулалт татахад маш хэцүү байдаг. Үүнээс өөрөөр бол улс төрөөс шалтгаалсан зүйл мэдрэгдээгүй шүү. Санхүүгийн олон түншүүдийн нягт хамтын ажиллагааг хангах болон тухайн улс орон болон төсөлд тулгарч болох онцгой эрсдэлүүдийг даван туулах чадавхийг бий болгоход туйлын хүндрэлтэй. Гэхдээ бид хөрөнгө оруулалтын багц авахаар болсондоо баяртай байна.
-Төслийн хүрээнд хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчдээс 120 сая ам.долларын санхүүгийн багц хүлээн авахаар боллоо. Хаанаас санхүүжилт, хөрөнгө оруулалт хийхээр болсон талаар мэдээлэл өгөөч?
-Төслийн санхүүжилтээс 47 сая ам.долларыг EIB-наас гаргаж, үүний нэг хэсэг санхүүжилтийг (EKF), Данийн Экспорт Хөгжлийн Агентлагаас батлан дааж (NORD/LB) банк зуучлагчаар оролцож үлдсэн 31,5 сая ам.долларыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас (EBRD)-наас гаргаж байна.
-Сайншандын салхин парк ашиглалтад орсны дараа манай улсад өгөх эдийн засгийн үр өгөөжийг та хэрхэн харж байна вэ?
-Монгол орны эрчим хүчний систем шинэ эх үүсвэрийг ашиглаж эхэлж байна. Бид эрчим хүчний үйлдвэрлэлийн дэд бүтцийг тогтвортой эх үүсвэрээр өргөжүүлэх зорилготойгоор ажиллаж байгаа. Бидний Сайншандын салхин цахилгаан станцад оруулж буй хөрөнгө оруулалт нь хөгжиж буй орнууд болон шинээр бий болж буй зах зээлүүд дэх уур амьсгалд ээлтэй төслүүдэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Мөн салхин парк ашиглалтад орсноор 100 мянган өрхийн цахилгааны хэрэглээг хангахаас гадна Монгол улсад 117.5 сая ам долларын шууд хөрөнгө оруулалт орж ирж байна. Мөн 50 мянга гаруй тонн нүүрс хэмнэнэ, төвийн бүсийн системийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна.
-Хичнээн хүнийг ажлын байраар хангах боломж бүрдэх вэ?
-Жилд 210 сая кВт/ц цэвэр эрчим хүчийг төвийн бүсийн сүлжээнд нийлүүлж, барилга угсралтын явцад 400 гаруй ажлын байр бий болгоно. Харин салхин парк ашиглалтад орсны дараа 200 гаруй ажлын байр бий болох бөгөөд ажилчдын хувцас, хэрэглэл зэргийг дотоодын компаниас худалдаж авахаас эхлүүлээд дийлэнхи ажилчдыг тухайн орон нутгаас сонгоно зэрэг олон үр өгөөжийг энд дурьдаж болно. Мөн салхин паркийг барьж байгуулах нийт 486 Га газар нь дэд бүтэц өндөр хөгжсөн Сайншанд хотоос 5 км-ийн зайд байрладаг. Замын-Үүд боомтоос 250 км-т оршдог нь энэхүү төслийн зам тээвэр болон дэд бүтцийн зардлыг хэмнэж байгаа юм.
-Сайншандын салхин парк ашиглалт орсны дараа тухайн нутаг орны байгаль экологид ямар үр нөлөө үзүүлнэ гэж төслийн баг үзэж байгаа вэ?
-Сайншандын салхин парк ашиглалт орсноор уламжлалт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс бий болдог 200 гаруй мянган тонн хүлэмжийн хийг агаар мандалд ялгарахаас сэргийлнэ. Хоёр сая орчим шоо метр цэвэр ус хэмнэнэ. Хамтран ажиллаж буй байгууллагуудын зүгээс тухайн байршлын байгаль экологид судалгаа хийснээс гадна малчдын эрх ашиг хөндөгдөхгүй гэдгийг хэлж чадна.
-Ярилцсанд баярлалаа.
Ц.ТАМИР