Сайншанд Салхин Парк байгууламжийн гүйцэтгэл дууслаа

Сайншанд Салхин Парк ХХК нь эрчим хүчний дэд станц болон 25-н ширхэг салхин турбин генераторуудын суурилуултын ажлыг 2018 оны 8-р сарын 21-ний өдөр дуусгалаа. Барилгын ажлын гүйцэтгэлийн явцад 670 000 хүн цаг аваар осолгүйгээр ажилласныг үүгээр мэдэгдэхэд таатай байна.

Сайншанд Салхин Парк ХХК нь нийт 120 сая ам долларын хөрөнгө оруулалттай 55 МВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг 2017 оны 8-р сард эхлүүлж байсан билээ. Төслийн байршил нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн урагш 15 км-т байрладаг бөгөөд 100 мянган айл өрхийн цахилгааны хэрэглээг хангахүйц эрчим хүч үйлдвэрлэх юм.

Салхин паркын барилга угсралтын ажил дуусгавар болсоноор цахилгааны холболтыг Монгол Улсын нэгдсэн цахилгаан шугам сүлжээнд холбох нь төслийг дараагийн шатанд оруулж буй гол үйл явдал юм. Ойрын өдрүүдэд Сайншанд Салхин Парк ХХК нь холбогдох төрийн байгууллагуудтай (ЭХЯ, СЭХҮТ, ДҮТ, ЦДҮС…) хамтран ажиллаж, тавигдсан бүх шаардлага, стандартуудыг хангах ажлуудыг хийх болно. Техникийн комисс ажилласны дараа энэ оны 9-р сараас эхлэн сүлжээнд холбох ажлыг гол зорилго болгон чармайн ажиллаж байна. Энэхүү холболт нь Сайншанд Салхин Парк ХХК-ийн хувьд  Монгол Улсын цахилгаан эрчим хүчний системд 9 болон 10-р саруудад шат дараалалтай эрчим хүч нийлүүлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.  Энэ оны 10-р сарын сүүлээр цахилгаан станцыг ашиглалтанд оруулж, бүрэн хүчин чадлаар эрчим хүч үйлдвэрлэж эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд цаашид 26 жилийн турш тасралтгүй эрчим хүч үйлдвэрлэх юм.