SSP OC 2

САЙНШАНД САЛХИН ПАРК НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монгол улсын засгийн газраас баталсан Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрт 2020 он гэхэд улсын нийт эрчим хүчний 20-25 хувийг сэргээгдэх эрчим үйлдвэрлэн ашиглахаар тусгасан. Төрөөс баримталж буй энэ бодлогын хүрээнд Монгол улсын гурав дахь салхин цахилгаан станц болох Сайншанд салхин паркийн бүтээн байгуулалт дуусч 9-р сарын 17-нд нээлтээ Дорноговь аймгийн Сайншанд хотод хийлээ.

55 МВт-ын хүчин чадал бүхий “Сайншанд салхин парк”-ын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд  МУ-ын засгийн газрын төлөөлөл, орон нутгийн удирдлагууд, эрчим хүчний салбарын холбогдох удирдлагууд, Франц, ХБНГУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд, төслийн оролцогч, хөрөнгө оруулагч талуудын удирдлага, төлөөлөгчид, холбогдох албаны хүмүүс болон орон нутгийн иргэд оролцлоо.

2017 оны 8-р сард санхүүжилтийн гэрээ хийгдсэн бөгөөд төслийн барилга угсралтын ажилд нийт 400 гаруй ажилчид орлцсоноос 95 хувь монгол ажилчид байсан бөгөөд барилга угсралтын ажил төлөвлөгөөт хугацаанаас 2 сарын өмнө дуусаж, 700 000 хүн цаг осол гэмтэлгүй ажилласан байна.

Салхины эх үүсвэрээр цахилгаан  эрчим хүч үйлдвэрлэх энэхүү салхин парк нь  Сайншанд, Замын-Үүд хотуудад шаардлагатай эрчим хүчийг дахин хуваарилах, нөөц эх үүсвэрийг бий болгох улмаар эрчим хүч экспортлох зорилготой бөгөөд Монгол Улсын зүүн өмнөд бүсийн хилийн аймаг Дорноговь эрчим хүчний  хос хөдөлгүүртэй болж байна.

Энгийнээр тайлбарлахад Сайншанд салхин паркийн хүчин чадал нь 50  мянган өрхийг цахилгаанаар хангах боломжтой бөгөөд жилд 2 сая шоо метр цэвэр ус, 50 мянган тонн нүүрс хэмнэж, 200 мянган тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлэх давуу талтай.

Сайншанд салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэгч “Сайншанд Салхин Парк” ХХК-д Францын эрчим хүчний салбарын тэргүүлэгч болох ЭНЖИ, Германы төсөл хөгжүүлэгч Ферростаал, Данийн Уур Амьсгалын Хөрөнгө Оруулалтын Сан (DCIF) болон үүсгэн байгуулагч Р. Давааням нар хөрөнгө оруулж, Европын Хөрөнгө Оруулалтын Банк (EIB), Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD) болон Данийн Экспорт Хөгжлийн Агентлаг (EKF) хамтран 120 сая ам.долларын санхүүжилтийг хийсэн юм.

SSP OC 2

SSP OC 1